ИНТОСЭ ХХК-ИЙН ТАНИЛЦУУЛГА

ИНТОСЭ ХХК нь Булган аймгийн Сэлэнгэ сумын нутаг дэвсгэрт 2003 оноос эхлэн нийт 2000 орчим га эргэлтийн талбайд газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Тус компанийн тариалан эрхлэж байгаа газар нутаг нь агро үйлдвэрлэлийн 2,3 – р зэрэглэлийн хар хүрэн хөрстөй далайн түвшингээс дээш 600 – 800 м өргөгдсөн, жилд унах тунадасны хэмжээ 270  -290 мм байдаг нь тариалангийн үйлдвэрлэл эрхлэх, тогтмол өндөр ургац авахад нэн тохиромжтой.

ИНТОСЭ ХХК нь нийт 21 ажилчин, албан хаагчтай, жилдээ 900 – 1000 га газарт тариалалт хийж дундажаар 1500 – 1700 тн чанарын шаардлага хангасан улаан буудай хураан авч ТЭДСан, дотоодын болон өөрийн гурилын үйлдвэрт нийлүүлж байна.

Мөн түүнчлэн өөрийн нөөцөөс чанарын шаардлага хангасан үрийг байнга бэлтгэн авдаг болно.

Тариалаж байгаа үрийн сортууд болох Бурядская остистая (2014 онд элит үр тарьсан, 2015 онд 1-р репродукц), Алтайская –70 1-р репродукц, Бурядская-79, Цагаан дэглий зэргийг эрт, дунд, орой болцтойгоор сорт сортоор харгалзан тариалж байна.

Агро технологиийн дагуу хөрсний үржил шимийг сайжруулах бордоо, чанарын шаардлага хангасан ургамал хамгаалах, ариутгах бодис, хор, гербицид хэрэглэж байна. Үүнд:

Гербицид:

  • Овсюген Экспресс, Зингер, Спрут-экстра, Пюрстар, Фенизан зэрэг нэг ба олон наст үет ба хос үрийн талт хог ургамлыг устгахад өндөр үзүүлэлттэй гербицидыг ашиглаж байна.

Бордоо:

  1. Сэлэнгэ аймгийн Био агро ХХК – ийн үйлдвэрлэдэг Азофос бордоо
  2. Дарханы Эрдэм Шинжилгээний Хүрээлэнгийн үйлдвэрлэдэг Ризобактерийн бордоог зохих талбайдаа байнга хэрэглэснээр га-гийн ургацыг 2-3 центнерээр ахиулж чадсан болно.
  3. 2015 оноос эхлэн хөрсийг хамгаалах, үржил шимийг нэмэгдүүлэх, түүнчлэн улаан буудайн цавуулагийн чанарыг сайжруулах зорилгоор азот, фосфор, калийн нийлмэл бордоог хөрсөндөө ашиглаж байна.

Уриншийг аль болох хөрсийг бага хөндөх чийгийг хадгалах, хөрсний үржил шимийг нэмэгдүүлэх, хадгалах технологийг харгалзан хийж гүйцэтгэдэг.

Тус компанийн гурилын үйлдвэр нь хоногт 40 тн будаа тээрэмдэж, 1, 2-р зэрэглэлийн гурил болон хивэг үйлдвэрлэж байна. Орхон, Булган аймгуудад болон бусад аймаг суманд нийлүүлж байна. Орхон аймагт “ИНГЭТ ТОЛГОЙ” гэсэн брэнд нэрээр тодорхой байр суурь эзэлсэн нь тухайн зах зээлд гурилын чанар болон үнийг тодорхойлогч болж чадсан нь бидний нэг бахархал юм.

Тус компани нь 2013 онд гурилын үйлдвэртэй өргөтгөл шинэчлэлт хийж хоногт 60 – 80 тн гурил үйлдвэрлэх хүчин чадалтай сүүлийн үеийн автомат ажиллагаатай тоног төхөөрөмжийг суурилуулсан болно.

ИНТОСЭ ХХК нь 2010 оноос эхлэн Финлянд улсын үр тарианы комбайн үйлдвэрлэгч САМПО РОЗЕНЛЕВ компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч болж, энэ хугацаанд газар тариалангийн аж ахуйн нэгжүүдэд нийт 14 комбайн мөн Дарханы эрдэм шинжилгээний хүрээлэнд 1 ширхэг үр селекцийн зориулалттай комбайныг тус тус захиалгаар нийлүүлэн, сервис үйлчилгээ, оношлогоо, сэлбэг нийлүүлэлтийг хариуцан  ажилласаар ирлээ.

Цаашид байгаль цаг агаарын өөрчлөлтөөс хамаарч хөрсөө хамгаалахын тулд тэг элдэншүүлэлтийн технологид зайлшгүй шилжих шаарлагатай байна.

Шинэ технологийг шинэ техник, тоног төхөөрөмжийн хамт нэвтрүүлснээр хөрсний чийгийг нэмэгдүүлэх, хүчтэй шороон шуурганд хөрс хийсэхгүй, хучлаг хөрс үүсгэх  бүтэц, шим тэжээлээ алдахгүй байх зэрэг олон давуу талтай болно.

Үүнтэй уялдуулан манай компани шинэ техникийн парк шинэчлэлт /Сампо комбайн – 3, Жон Деере трактор – 2, Т – 150 трактор – 2/-ийг шат дараалан жил бүр явуулж байгаа бөгөөд шинэ техникийг дагаж шинэ технологи нэвтрүүлэх боломж бүрдэж байгаа юм.

Одоогийн байдлаар тус компани нь орчин үеийн хэд хэдэн техник авч ажилдаа нэвтрүүлэн ажиллаж байгаа бөгөөд цаашид ч уг ажлыг эрчимтэй үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно.